
Монголын кудогийн холбоо
Олон Улсын Күдогийн Холбооны Ерөнхийлөгч Азума Такаши 2004 оны 12 дугаар сард Монгол Улсад айлчилж, 14 хоногийн сургалт, семинар зохион байгуулснаар Монголын Күдогийн Холбоо Олон Улсын Холбоонд гишүүнээр элссэн.
Кудогийн тухай
Күдогийн спорт нь 1980-аад оны эхээр Япон Улсад “Агуу Дайчдын Сургууль” нэртэйгээр байгуулагдаж, 2001 оноос Дэлхийн 80 гаруй орныг эгнээндээ нэгтгэж Олон Улсын Күдогийн холбоо байгуулагдсан түүхтэй. Күдо нь карате, жүдо, жиужицү, бокс, муайтай бокс зэрэг тулааны урлагуудын элементийг өөртөө шингээсэн өвөрмөц бие хамгаалах урлаг юм.

Зорилго
Кудогийн спортын мөн чанар, ёс зүй, ёс суртахуун, бие бялдарын өндөр боловсролтой тамирчид, хичээллэгсдийг бэлтгэж, Монгол улсын нэрийг олон улсын тавцанд зөвөөр таниулан сурталчилах
Зорилт
-
Хичээллэгсдийн тоог нэмэгдүүлэх
-
Олон улсын шүүгчдийг бэлтгэх
-
Олон нийтэд зөвөөр таниулан сурталчилах
-
Шигшээ багийн тамирчдыг өндөр ур чадвартайгаар бэлтгэх
Тангараг
Бид кудогоор дамжуулан бие махбодь, сэтгэлзүйн агуу хүчийг цогцлоож, өөрсдийгөө боловсруулан оюун ухаанаа хөгжүүлж, сэтгэлээ ариусган зан чанарыг төлөвшүүлж, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулна.
Соёл
Хүндлэл, ёс зүйг эрхэм болгож бие бялдар, оюун санаа, сэтгэл зүйн тэнцвэртэй хөгжлөөр өөрийн амьдралын хэв маягийг бүрдүүлэн насан туршын амьдралын замаар алхана.
Амжилтууд
Холбоо байгуулагдсан цагаас хойш жил бүр УАШТ, 2008 онд Азийн аварга шалгаруулах тэмцээн, 2015 онд Азийн цомын тэмцээнийг эх орондоо амжилттай зохион байгуулж, Азийн аваргаас 3 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль, 2011 онд Москва хотод болсон Дэлхийн цомын тэмцээнээс 1 хүрэл тедаль, шагналт 4-р байр, 2013 оны Колумб Улсад болсон “Дэлхийн наадам”-ын үзүүлэх төрөлд мөнгөн медаль, 2014 онд Токиод болсон дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 1 хүрэл медаль, шагналт 4-р байр, 2016 онд Энэтхэг Улсад болсон Дэлхийн цомын тэмцээний өсвөрийн ангилалд 1 алт, 1 мөнгө, насанд хүрэгчдийн төрөлд 1 хүрэл медаль, 2017 онд Японд болсон Азийн аваргын тэмцээнээс 1 мөнгөн медаль, 2022 онд Японд болсон Азийн аваргаас 1 мөнгө, 1 хүрэл медаль тус тус хүртэж, эх орныхоо нэрийг олон улсын тавцанд гаргасаар байна.
